Tuesday, February 22, 2011

Хайраа гэж /Шинэ өгүүллэгүүд/

Манай найзын орчуулсан өгүүллэг тухлан сууж таалан соёрхоно уу!


4-р сарын үзэсгэлэнтэй нэгэн өглөө Токиогийн ганган гудамж Харажүкүд нарийхан гудмаар алхах зуураа би өө сэвгүй төгс төгөлдөр охинтой зөрсөн юм.
Үнэнг хэлэхэд, тэр тийм ч царайлаг нэгэн байсангүй. Ямарваа нэгэн байдлаар онцгой харагдсан ч үгүй. Түүний хувцас нь сонин гойд юм байсангүй. Үсээ ардаа боосон нь унтаж сэрсний дараа хэлбэрээ алдсан байлаа. Тэр бас тийм залуухан ч биш, ойролцоогоор 30 орчим насны, шулуухан хэлэхэд “охин” гэж хэлмээргүй ажээ. Гэсэн хэдий ч, би 50 ярдын холоос түүнийг хараад: “ Тэр миний төгс төгөлдөр охин байна” гэж мэдсэн юм. Түүнийг харсан агшинд цээж минь дэлсэж, ам минь ангасан цөл лугаа хатсан.
Магадгүй та ч бас өөрийн гэсэн тодорхой хэв маягийн охинд дуртай байх- нарийхан шагайтай ч юмуу, эсхүл том нүдтэй, сүмбэн хуруутай нэгэн байх. Эсхүл ямар ч шалтгаангүйгээр хооллолтондоо цаг гарган анхаарал тавьдаг охидуудад дуртай байж болох. Би ч мөн адил өөрийн гэсэн эрхэмлэдэг зүйлүүдтэй хүн. Заримдаа зоогийн газар хажууд сууж байгаа охины хамарны хэлбэр надад таалагдаад өөрийн мэдэлгүй түүнийг ширтсээр байгаагаа анзаардаг.

Гэвч хэн ч түүний төгс төгөлдөр охин ямарваа нэгэн урьдаас тааварласан хэв маягт багтах ёстой гэж шаардаж чадахгүй. Хэдийгээр би гоё хамранд дуртай ч, тэр охины хамарны хэлбэрийг санахгүй байна-ер нь хамартай эсэхийг нь ч анзаараагүй юм байна. Миний ганц сайн санаж байгаа зүйл бол тэр гайхалтай үзэсгэлэн гоо нэгэн биш байсан. Хачирхалтай юм.

 “ Өчигдөр би гудамжинд  төгс төгөлдөр охинтой таарсан”, гэж би хэн нэгэнд хэллээ.
 “Тийм үү?, хөөрхөн юм уу?” гэж тэр асуулаа.
 “Үгүйдээ”.
 “ Чиний дуртай дүр төрхтэй нэгэн үү?”
 “Мэдэхгүй ээ. Би түүний ямарваа нэгэн зүйлийг санаж байгаагаа ч мэдэхгүй байна-нүдний хэлбэр нь ямар байсныг, хөхний хэмжээгий нь ч санахгүй юм”.
“Сонин юм”.
“ Харин тиймээ. Сонин юм шүү.”
“Тэгээд” аль хэдийн уйдсан янзтай тэр асууж байна.”Чи юу хийв дээ? Очоод түүнтэй ярилцсан уу? Түүнийг дагасан уу?”
“Ммм, зүгээр л хажуугаар нь зөрөөд өнгөрсөн дөө.”
Тэр охин зүүн зүгээс баруун руу, харин би баруунаас зүүн рүү алхаж явлаа. Гайхалтай сайхан хаврын өглөө.
 Түүнтэй ярилцахсан гэж би тун их хүссэн. Үүнд хагас цаг л байхад хангалттай байлаа: түүнээс өөрийнх нь тухай асуугаад, түүнд би өөрийнхөө тухай яриад л, тэгээд миний хүсэж байсан зүйл гэвэл-тэр охинд хувь заяаны даваануудын тухай тайдбарлах. 1981 оны 4-р сарын үзэсгэлэнтэй өглөө Харажүкүд бие биетэйгээ таарах болсон хувь заяаны тухай. Хорвоо дэлхий амар тайван байх үед эртний цаг хийгдсэн адил энэ бүхэн дулаахан нууцуудаар дүүрэн байх байв.

Ярилцсаны дараа бид өдрийн хоолоо хаа нэгтээ хамтдаа идэж, Үүди Аллений кино үзээд, дараа нь буудлын бааранд орж коктейль ууна. Ямарваа нэгэн азаар, бид хоёр хамт оронд орж төгсөж болох.
Бололцоо боломж миний зүрхний хаалгыг тогшино.
Одоо бид хоёрын хоорондын зай улам ойртсоор, дөчөөд алхам болжээ.
Яаж би түүнд дөхиж очих вэ? Юу хэлэх ёстой вэ?
“Өглөөний мэнд, бүсгүй. Бид хоёр хагас цаг ярилцаж болох болов уу?”
Инээдтэй юм. Би яг даатгалын газрын ажилтан шиг сонсогдох биз.
“Өршөөгөөрэй, энэ хавьд шөнөжин ажилладаг цэвэрлэгээний газар мэдэхгүй биз?”
 Гүй дээ, үнэхээр хөгийн юм. Гол нь би ямар ч угаах хувцасгүй явж байгаа шүү дээ. Хэн ийм үгэнд итгэх юм бэ?
 Магадгүй энгийн үнэн л зүгээр байх. “Өглөөний мэнд. Та миний хувьд  төгс төгөлдөр бүсгүй юм.”

Үгүйдээ, тэр итгэхгүй. Магад итгэсэн ч, тэр надтай ярихыг хүсэхгүй байх. Уучлаарай, магадгүй би таны хувьд  төгс бүсгүй байж болох юм, гэхдээ та миний хувьд  төгс төгөлдөр залуу биш байна гэж тэр хэлж болох.. Ийм юм болж болно шүү дээ. Тэгээд хэрэв би тийм байдалд орох юм бол, би үүрмэг болон нурах биз. Тэр цочролоосоо би эдгэхгүй байх. Би одоо гучин хоёртой шүү дээ, хөгширнө гэж энийг хэлэх байхаа.

Бид хоёр цэцгийн дэлгүүрийн урдуур зөрлөө. Өчүүхэн, дулаахан агаарын нэгдэл миний арьсанд хүрлээ. Чийгтэй асфальтан зам, надад цэцэгсийн анхилам үнэр үнэртлээ. Би түүнтэй үг дуугарч чадахгүй байлаа. Тэр цагаан цамц өмссөн, баруун гартаа тамгагүй цагаан дугтуй барьсан ажээ. Тэр хэн нэгэнд захиа бичжээ, магадгүй бүтэн шөнөжин захиагаа бичсэн байж болох. Түүний нойрмог нүдний харцыг ажаад ингэж дүгнэж байлаа. Дугтуйнд түүний хамаг нууц хадгалагдаж мэдэх.

Би хэд алхаад эргэж хартал: Тэр олны дунд алга болсон байв.

Мэдээж би одоо түүнд яг юу хэлэх байснаа мэдэж байна. Энэ маш урт яриа болох байсан, миний хувьд түүнд зөв ойлгуулахад удаан ярих хэрэгтэй болно. Миний санаа тийм ч бодит биш.
 Аа, тийм. “Эрд дээр цагт” гэж эхлээд ” Гунигтай түүх байгаа биз, чамд ямар санагдав?” гэж төгсөнө.

Эрт дээр цагт нэгэн хөвгүүн бас нэгэн охин амьдран сууж байжээ.

Эрэгтэй хүүхэд нь 18 настай, охин нь 16 настай байжээ. Хүү тийм өвөрмөц царайлаг биш, охин нь ч бас тийм гоц үзэсгэлэнтэй биш байж гэнэ. Тэд зүгээр л нэг ганцаардсан энгийн хүү бас ганцаардсан жирийн нэгэн охин байж, яг л бусдын адил. Гэхдээ тэр хоёр бүх сэтгэл зүрхээрээ хаа нэгтээ энэ хорвоо ертөнцөд төгс төгөлдөр хүү бас  төгс төгөлдөр охин тэдэнд бий гэж итгэж байжээ. Тиймээ, тэр хоёр гайхамшигт итгэсэн байлаа. Тэгээд үнэхээр гайхамшиг тохиолдож гэнэ.

Нэгэн өдөр тэр хоёр гудамжны мухарт бие биеэ олж харсан гэнэ.
“ Энэ бол гайхалтай” гэж хүү хэлжээ. “ Чамайг би бүх насаараа эрж хайлаа. Чи надад итгэхгүй байх даа, гэхдээ чи бол миний хувьд  төгс төгөлдөр охин байна” гэжээ.

“ Чи бас миний хувьд  төгс хүү мөнөөс мөн байна, яг чамайг дүрслэж байсан шиг. Зүүд биелдэг юм байна”, гэж охин түүнд хэлжээ.
Тэр хоёр гар гараа барилцан цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр суугаад бие биендээ янз бүрийн сонин сайханг цаг цагаар ярьж гэнээ. Тэр хоёр дахин ганцаардахгүй байлаа. Тэд бие биениййхээ төгс төгөлдөр нэгнээ олсон байв.Хэн нэгний  төгс нэгэн байх, мөн өөрийн  төгс төгөлдөр нэгнээ олох гэдэг үнэхээр гайхамшиг. Энэ бол сансрын гайхамшиг.

Охин, хүү 2 суугаад ярилцах зуур тэр 2-н сэтгэл зүрхэнд гэнэт маш жижигхэн эргэлзээ төрж эхэллээ: Хэн нэгний хүсэл мөрөөдөл ийм амархан биелчихэж болно гэж үү?

Тэгээд тэр 2 яриагаа бага зэрэг завсарлах зуур хүү охинд ингэж хэлжээ. “Хоёулаа өөрсдийгөө туршаад үзье-ганцхан удаа. Хэрэв чи бид хоёр үнэхээр бие биенийхээ  төгс хайртай хүн мөн юм бол, хэзээ нэгэн цагт, хаа нэгтээ ямарваа нэгэн алдаагүйгээр дахин уулзах л болно. Тэгээд яг тэр үедээ бид хоёр үнэхээр бие биенийхээ  төгс төгөлдөр нэгэн гэдгээ мэдмэгц чи миний гэргий болж хоёулаа хамт байх болно гэжээ. Чи юу гэж бодож байна?”

“Тиймээ, зөв шийдвэр байна” гэж охин ч зөвшөөрч гэнээ.

Ийнхүү тэр хоёр бие биенээсээ салан одож, хүү баруун зүг рүү, харин охин зүүн зүгийг зорьж гэнэ.
Тэр хоёрын гаргаж шийдсэн шалгуур нь угтаа ямар ч хэрэгцээгүй байв. Ийм шийдвэр гаргах ёсгүй байжээ. Учир нь тэр хоёр бие биендээ зориулагдсан төгс төгөлдөр хос байсан юм. Гэвч хүүхэд байсан тэдэнд мэдэх зүйл байсангүй. Хувь заяаны хүйтэн, хайхрамжгүй давалгаа өршөөлгүйгээр тэднийг хаяжээ.

Нэгэн өвөл, хүү охин хоёр хоёулаа улирлын аймшигт томуу тусч хэдэн долоо хоног амьдрал үхлийн хооронд тэмцэж байгаад хүүхэд насныхаа бүх ой санамжийг алдчихжээ. Тэр хоёр сэрэхэд толгой тархи нь хоосон мөнгөний сав лугаа ой санамж юу ч үгүй болсон байлаа.
Тэр хоёр сэргэлэн ухаантай, зорилготой залуу хүмүүс байсан учир өөрсдийн цуцалтгүй .чармайлтын үр дүнд дахин мэдлэг боловсролоо олж аван нийгэмдээ бүрэн боловсорсон иргэд нь болж эргэн ирсэн юм.

Нэг галт тэрэгнээс нөгөө галт тэрэг рүү яаж дамждагийг мэддэг, шуудангаар буухиа захиа яаж явуулахаа мэддэг хотын иргэд болсон гэнэ. Мөн хайр дурлалыг ч бас заримдаа 75%, заримдаа бүүр 85% амтлан үзжээ.

Цаг хугацаа цочирдмоор хурдтай өнгөрч хүү гучин хоёр насыг хүрч, охин гучин настай болжээ.

Нэгэн гайхалтай сайхан хаврын өглөө Токиогийн Харажүкүд нарийхан гудамжаар залуу өглөөнийхөө кофег уухаар баруунаас зүүн рүү, харин бүсгүй захиа явуулахаар зүүн зүгээс баруун руу явж байжээ. Тэд гудамжны яг төвд нь бие биентэйгээ зөрлөө. Тэдний зүрхэнд устгагдсан ой санамжийнх нь маш бүдэгхэн гэрэл агшин зуур сүүмэлзэх шиг болов. Хоёулаа цээжин дэхь зүрхний цохилтоо мэдэрлээ. Тэгээд мэдсэн нь:

Тэр миний өө сэвгүй төгс төгөлдөр бүсгүй.
Тэр миний өө сэвгүй төгс төгөлдөр залуу.

Гэвч ой санамжийнх нь туяа дэндүү сул байгаад, 14 жилийн өмнөхи бодлууд аль бүдгэрсэн байлаа. Нэг ч үг солилгүйгээр тэд зөрөн олны дунд замхарлаа. Үүрд.
Одоо харин миний зохиосон өгүүллэг:
Түүнтэй байхдаа:
Зуны нэгэн сайхан өдөр нарны гэрэл бага байсан ч миний сэтгэл зүрх гэгээлэг байлаа. Тэр өдөр найзуудтайгаа дугуйгаа унаад гадуур дэмий тэнэж явлаа. Их халуун байсан тул дэлгүүр орж хүйтэн юм авч уугаад дугуйндаа мордоод гэрийн зүг хөдлөх гэтэл Энгийн , даруухан , Гэмгүй тийм нэгэн царай нүдний минь өмнүүр өнгөрч хамгийн гэгээлэг бүхэн бодогдоход миний толгой аймшигтай өвдлөө. Би бодол санаандаа автаад дугуйндаа мордсоноо мартаж газар унасан байлаа. Үе тэнгийнхэн минь шоолж инээлдэж зарим нь бие чинь өвдсөн юм уу? гэж дөхлөө. Харин надад тэдний шоолох, инээх ямар ч хамаагүй би зүгээр л түүний нэр , гэр нь хаана байдаг тухай бодож эхэллээ. Найзууд минь явья гэхэд би түүнийг дахиж хармаар санагдаж үлдмээр санагдсан тул
-Нэг юм  авхаа мартчихажээ та нар түрүүлээд явж бай гээд дэлгүүр орлоо.
Тэр дэлгүүрт хэдэн модон чихэр зайрмаг чипс авж байгаа харагдлаа. Түүнийг харахад их баяртай байгаа бололтой. Би бараг сэрүүн зүүдлэж хаалга налаад зогсож байтал хаалга араас түлхээд би бодлоосоо салж холдоод хаалга түлхсэн хүнийг оруултал Жавзмаа эгч минь байв. Үнэндээ би тэднийд зун байнга байрладаг юм л даа. Тэр багаасаа л энд өссөн эндхийн бүх хүнийг таньдаг билээ. Би балмагдсандаа
- С-Cайн байна уу? та гэхэд
- Хөөх чи чинь хэзээ хүний мэнд мэддэг болчихоо вэ? гээд бүлтгэр том нүдээрээ намайг цоо ширтлээ.
-Би юм дугарсангүй. Эгч ойр тойрнийг ажиж харж байхад би түүний нүдийг дагуулж харлаа. Тэр түүний зүг харахад нь би гэнэт ухасхийн эргэж эгч рүү харахад эгч анзаарсан бололтой намайг хараад:
-Алив , Гэр лүүгээ явья гэж  зөөлөн хэлээд гарлаа.
Би тэрнийг дахиж хармаар байсан ч яаж эгчийн хэлснийг тоохгүй байх вэ. Гунигтай модон бариулаас зөөлөн татаад гарлаа. Би явж байх зуураа эгчээс:
-Юм авахгүй байсан юм уу? гэхэд


Энэхүү өгүүллэг зохиогчийн эрхээр хамгаалагдсан. Зохиогчийн эрхийн дугаар ISBN 2000-123456-47-9
Эхний бүлэг дууслаа үргэлжлэл тун удахгүй

1 Сэтгэгдлүүд:

MuTe Fansubs said...

Сүүлд байгаа өгүүллэг зохиогчийн эрхтэй тул хууль бусаар хуулбарлахыг хориглоно.

Post a Comment

Та бүхэн сэтгэгдэл бичихдээ Name/URL сонголтийг сонгож бичээрэй! Хүсвэл гишүүн болж давуу эрх эдлээрэй.